Wednesday, January 19, 2011

Цагаан сар


Цагаан сар бол Монголчуудын үндэсний маш том баяр юм. Билгийн улирлын тооллоор шинэ хуучин он солигдох шинийн нэгний өдөр гэж баяр ёслолтой тэмдэглэдэг уламжлалтай. Энэ нь хахир өвлийг давж, урин хавартай золгосоны баяр юм. XIII зууны эхээр Тэмүүжин тархай бутархай Ханлиг аймгуудыг нэгтгэн, Их монгол улсыг байгуулж, III дугаар жарны  "Хөхөгчин үхэр" жилийн өвлийн сүүл сарны эцэс "Улаан барс" жилийн хаврын тэргүүн сарны шинийн нэгэнд Хаан ширээнд суух ёслол болжээ. Монголчууд 1206 оны улаан барс жилээс эхлэн "Цагаан сар"-аа монгол эсгий туургатны үндэсний хэмжээнд хаврын тэргүүн сарын  шинийн нэгэнд ёслол төгөлдөр тэмдэглэж заншжээ. Ийнхүү шинэ оноо хавар тэмдэглэдэг дорно дахины ихэнх ард түмний нийтлэг хаврын эхэн сард албан ёсоор шилжүүлэн Их Монгол улсын нэгдсэн төр байгуулагдсаны их баяр болгон дээдлэж тэмдэглэж ирсэн түүхтэй.

ТАВГИЙН ИДЭЭ ЗАСАХ ЁС

Цагаан сарын эрхэм хүндэтгэлд тавгийн идээгээ засах ёс юм. Монголчууд нэн эртнээс идээ таваг засах талаараа маш нарийн ёс заншилтай ард түмэн. Тавгийн идээгээ засахдаа хүмүүний амьдрал далай мэт жаргалаар эхэлж, зовлон жаргал ээлжлэн хорвоог туулдаг жам ёсыг баримталдаг. Тиймээс тавгийнхаа идээг гурав, тав, долоо, ес гэсэн сондгой тоог харгалзан засдаг. Энэ нь аливаа үйлс жаргалаар эхэлж, мөн жаргалаар төгсч буй билэгдлийг илэрхийлнэ. Цагаан сарын идээ нь амьтны аминд цээргүй , хилэнцгүйг хичээж сүү, цагаан идээгээр чимж засна. Мөн цагаалга хийж, түүгээрээ сарын турш цагаан цайлган сэтгэлтэй, бүх зүйлийг цагаанаар билэгддэг.

ГАР ЦАЙЛГАХ ЁС

Цагаан сараар хөгшин залуугүй бэлэг өгөх, авах ёсыг сүүлийн уед ихэд эрхэмлэх болжээ. Өвөг дээдэс маань 13-ны жил орж байгаа хүүдэд дурдан бүс бэлэглэдэг байж. Энэ нь эзэн нь бөх, эд нь хэврэг байхын билэгдэл юм. 25, 37-ны жил орж буй хүмүүст төл, мал өгдөг нь хөрөнгө ихтэй сайн сайхан амьдарч явахын билэгдэл болгож байжээ. Найман наснаас доошхи 80 настнаас дээшхи хүмүсийн гарыг цайлгадаг, гар хоосон гаргахгүй ёстой байж. Тиймээс одоогийнх шиг орсон гарсан бүхний гарыг цайлгадаггүй. Сүүлийн үед эд бараа бүс үндэстний мөнгө тэмдэгтээр гар цайлгах ёсыг эрхэмлэдэг болжээ.

0 comments:

Post a Comment

 
Ерөнхий зохион байгуулагч a3ePot