Wednesday, January 19, 2011

Back To The Future The Game

Энэ удаад намхан залуу, солиотой эрдэмтэн хоёрын адал явдал кино дэлгэцнээ бус виртуаль ертөнцөд үргэлжилж байна ... 1985 онд гарч асан гайхалтай хийгээд гайхамшигтай энэхүү кино бүтээлийг TellTale GameS-ийн авъяаслаг хамт олон ийнхүү дахин амилуулж байна.

Юун түрүүнд уг киноны тухайд товчхон дурьдахыг минь зөвшөөрвөл ...
1980-аад он ... энэ бол өнгөт телевиз, радио FM, компьютер, угаалгын машин, цахилгаан шарах шүүгээ, хурдны машин гээд л хүмүүн төрөлхтний өнөд мөнхийн мөрөөдөл болсон олон гайхалтай зүйлс альхэдийнээ ард олны хэрэглээ болоод байсан цаг үе билээ. Энэ их техник технологийн хувьсал кино урлагийг ч мөн тойролгүй өнгөрч тухайн үедээ Трон, Оддын Дайн, E.T тэргүүтэй шинжлэх ухааны уран зөгнөлт хийгээд компьютер, шинжлэх ухаан, мөн түүний гайхамшигийг өгүүлсэн олон гайхалтай дэлгэцийн бүтээлүүд гарч байсны нэг нь энэхүү бидний мэдэх "Ирээдүйрүү Буцсан нь" хэмээх кино бүтээл байсан билээ.
Тиймээ, энэхүү киног 1985 онд алдарт Universal Pictures-ээс олны хүртээл болгож кино театруудаар гаргасан бөгөөд уг гайхалтай шинжлэх ухааны зөгнөлт киног уг зохиолыг нь бичсэн Robert Zemeckis болон түүнтэй хамт зохиол дээр ажилласан Bob Gale, Neil Canton болоод Steven Spielberg нар найруулагчаар нь ажилласан байна. Киноны үйл явдлын тухайд гэвэл 17 настай ахлах сургуулийн сурагч Марти болоод олны дунд галзуу солиотой нэрээрээ алдаршсан эрдэмтэн Эммэт Броун, мөн түүний зохиосон цаг хугацаагаар аялагч машин ДеЛориан, энэ бүхнээс гайхалтай нь Марти хүүгийн 30 жилийн өмнөх цаг хугацаа руу аялсан аялал, үе тэнгийн эцэг эхтэйгээ уулзаж буй тухай, мөн цэл залуухан эрдэмтэн Эммэт Броунд хугацаагаар аялагч гайхалтай машиныг ирээдүйд хэрхэн бүтээсэн талаарх гайхалтай мэдээг дуулгаж буй тухай, аавд нь бус өөрт нь татагдах болсон эхийгээ хэрхэн эцэгтэй танилцуулж байгаа тухай гээд л .... Ерөөс цаг хугацааны гайхамшигийн тухайд өгүүлсэн үүн шиг гайхалтай кино урьд хожид, дахиад хэзээ ч гарахгүй бизээ.
Ямартай ч 3 ангит энэхүү кино бүтээл нь тухайн үедээ үнэхээр шуугиулж байсан юм шүү. Оскарын шагнал аваад зогсохгүй бусад томоохон наадмуудаас 13 шагнал хүртэж 23 номинацид нэр дэвшсэн гээд боддоо. Харин одоо тоглоомын тухайд цааш өгүүлбэл:
Уг тоглоом маань саяхан буюу өнгөрсөн 12 сарын 22-нд нээлтээ хийсэн бөгөөд PC болон Mac дээр гарсан юм. Мөн тун удахгүй IPad болоод PS3 дээр гарах гэж байгаа юм байна. Жанрын хувьд Episodic Series буюу цуврал болон гарах бөгөөд саяхан гарсан энэ анги нь нийт цувралын эхний анги нь болж байгаа юм. Тоглоом дээр гарах дүрүүдийн хоолойд жинхэнэ жүжигчидээс нь дутахгүй дуу оруулсан авъяаслаг Voice Actor-ууд ажилласан байна.

Тоглоомын тоглох үндсэн горим нь SinglePlayer бөгөөд харин дүрслэлийн хувьд хүүхдийн аль эсвэл хүүхэлдэйн кино мэт хийсэн нь тун онцгой шийдэл болсон байна шүү. Аа харин зохиолын хувьд гэвэл Original Trilogy буюу кино дэлгэцийн гурамсан зохиолыг давтаж хийгээгүй бөгөөд киноны үйл явдлаас хойш даруй 6 сарын дараад өрнөх ажээ. Ер бусын шалтгаанаар алга болсон эрдэмтэн Эммэт Броуныг хайх аялалд Марти хүү явах болно.

Тоглолтын хувьд гэвэл нэг өнцгийн камертай бөгөөд гарны тусламжтайгаар дүрээ удирдаж харин бусад зүйлсийг хулганаараа зохицуулах болно. Яг л  Fallout, Dragon Age зэрэг RPG тоглоомуудын нэгэн адил уг тоглоом маань дүрүүдийн хоорондох харилцан яриан дээр тулгуурлах агаад төрөл бүрийн оньсого тааврыг тайлж, олон олон сонирхолтой зүйлсийг цуглууж, элдвийн зүйлсийн учрыг олж, олон олон дүрүүдтэй харилцаж, тэдэнд тохиолдсон асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ, маш олон гайхалтай адал явдлуудтай учрах болно шүү.

Тэгэлгүй яахав, яг л кинон дээрээ гардаг шиг урьдын танил олон олон газруудаар явах болно. Докын лаборатори, Courtyhouse талбай, том цагтай цамхаг гээд л, мөн ДеЛориан цаг хугацааны машиныг дотроос нь сууж удирдах, цаг хугацааны төхөөрөмжүүдийг тохируулах гайхалтай боломж бас байгаа шүү.

0 comments:

Post a Comment

 
Ерөнхий зохион байгуулагч a3ePot